2009-02-09
Олимпийн наадмын түүх

Олимп гэдэг бол хүн төрөлхтнийг эв нэгдэлтэй болгож, хүний хүчин чадал, нөөц бололцоо хязгааргүй гэдгийг харуулдаг нэг ёсондоо эх дэлхийн бүх хүмүүсийн баяр наадам билээ.


Эрдэмтэн судлаачид олимпийн наадмыг МЭӨ 776 оноос эхлэлтэй гэж үздэг ч тодорхой баримт сэлт ховор байдаг учир ихэнх хүмүүс эртний домог яриа болох хүчирхэг Зевс бурхны хүү Геркулес олимпийг үүсгэсэн гэдэгт итгэдэг. Эртний Грекийн домогт өгүүлснээр Геркулес цэнгэлдэх хүрээлэнг байгуулан наадмыг дөрвөн жилд нэг удаа явуулахаар тогтоожээ. Мөн тэрээр спортын төрлүүдийн дүрэм, уралдах зай зэргийг зохиосон гэдэг. Ийнхүү эртний олимп дөрвөн жил тутам амжилттай явагдсаар улам бүр дэлгэрч оролцох төрлүүд нь ч олширч боловсронгуй болсоор олон олон жилийг ардаа үджээ.
Гэвч манай эриний 393 оны үед ид хүчээ аваад байсан Ромын эзэнт гүрний захирагч Теодосиус I , өөрийн харанхуй бүдүүлэг бодолдоо хэт итгэн олимпийг хэрэггүй цаг барсан ажил гэж үзсэнээр барахгүй цаашдаа энэ наадмыг зохион байгуулахыг хориглосон байна.
Энэ явдлаас хойш олон олон жил өнгөрсөөр Ромын ноёрхол нуран унасан ч дахин энэ наадмыг зохион байгуулах сэтгэлтэн олдохгүй байсаар 19 -р зууны дунд үе хүрэв. Гэхдээ 16 -р зууны үеэс олимпик, олимпион гэх зэрэг багахан хэмжээний спорт наадам явагддаг байсан ч ерөнхийдөө ганц хоёрхон орны тамирчид л оролцдог байсан болохоор яав ч үүнийг хүн төрөлхтний баяр гэж нэрлэх болохгүй нь мэдээж.
Эндээс орчин үеийн олимпийн наадмын эхлэл тавигдаж эхэлсэн юм. Орчин цагийн олимпизмийн үүх түүхийн талаар дурсахад заавал нэг хүний нэр дагаж явдаг. Энэ бол ноён Пьер де Кубертен. 1863 онд Францад төрсөн энэ эрхмийг дөнгөж долоон настай байхад буюу 1870 -аад онд Франц -Германы дайн өрнөсөн билээ. Залуу хүүд энэ дайн маш их зүйлийг бодогдуулсан ба спортын ариун талбарт хүч чадал авхаалж самбаагаараа өрсөлдөж, баяр цэнгэлийг эдлэх нь улс хоорондын үл ойлголцлыг зохицуулахаас авахуулаад маш олон асуудлыг шийдэж чадах юм байна гэдгийг ухаарч мэджээ.
Язгууртан угсаатай Кубертен бараг өөрийн бүх амьдралаа энэ үйлсэд зориулсан, “Шантарч буцмаар мөч олон удаа тохиолдож байсан, гагцхүү өөрийн зөрүүд гөжүүд зангийнхаа хүчинд л урагшаа алхаж байсан үе ч бий” гэж тэрээр нэгэнтээ дурсчээ.Олон жил хөдөлмөрлөсний эцэст 1894 оны 6 сард тэрээр Парис хотноо олон улсын уулзалт зохион байгуулан Анхдугаар Олимпийн наадмыг зохион байгуулах талаар шийдвэрлэхээр болсон байна. Есөн орны 70 орчим төлөөлөгчид цугласан энэхүү уулзалтаар Олон улсын олимпийн хорооны дүрэм журам, албан тушаалтнууд, сүлд дуу, бэлгэдэл буюу эмблэм гээд олон асуудлыг шийдсэн тун ч халуухан өдрүүд үргэлжилсэн. Уулзалтын хамгийн сүүлчийн өдөр Анхдугаар Олимпийн наадмыг хаана зохион байгуулахыг гишүүдийн дунд санал хураалт явуулан олимп анх төрсөн газар нь болох Афин хотноо хоёр жилийн дараа хийхээр тогтжээ. Анхны юм гэдэг ямар ч утгаараа хэцүү байдаг. Тэр тусмаа олон улс орныг цуглуулан их арга хэмжээн зохион байгуулж, дэлхий дахиныг нэгтгэх их зорилго тавьсан энэ үйлс яавч энгийн хэрэг биш учир хөрөнгө мөнгөнөөс эхлүүлээд цөөнгүй асуудалтай тулгарч байсан. Энэ бүх ачааны ихэнх нь мэдээж Кубертен дээр буусан. Аль болох олон орон оролцуулахаас авахуулаад зохион байгуулалтын ажил, цэнгэлдэх, тамирчдын орон байр гээд түмэн асуудал тулгарч байсан ч сайхан сэтгэлт олон иргэдийн ачаар ямар ч байсан Афинд орчин цагийн нэгдүгээр олимп амжилттай явагдаж өндөрлөсөн билээ. Амьдралынхаа 20 гаран жилийг зориулсан ажил нь ийнхүү биелсэнд Кубертен хязгааргүй баяртай байсан тухайгаа хожим энэ эрхэм аз жаргалтайгаар дурсаж суудаг. Энд нэг зүйлийг тодруулах нь зүйтэй болов уу. Хэдийгээр Пьер де Кубертен орчин цагийн олимпизмийг үндэслэгч боловч түүнтэй хамт үргэлж хамт байж их ажлыг нь үүрэлцэж байсан найз Деметриус Векеласыг дурдахгүй өнгөрөхгүй байхын аргагүй. Гректээ нэртэй бизнесмен, зохиолч энэ ноён Кубертений ажлыг эхнээс нь л дэмжин хөрөнгө мөнгөөр тусладаг байсан ба Олон улсын олимпийн хорооны анхны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан ажээ.

За ингээд та бүхэнд орчин цагийн олимпийн наадмын түүхээс сонирхууллаа. Удахгүй 1896 оны Афины анхдугаар наадмаас эхлээд Бээжингийн олимп хүртэлх 29 зуны их Олимпийг цувралаар танилцуулах болно.
Сэтгэгдэл:


big grin
Бичсэн: Binderya (зочин) цаг: 23:21, 2009-02-09 | Холбоос | |


mons hogshoon
za hogshoon blog neesend bayar hurgeye ..... tegeed urgejluuleed ulam ihiig hiigeerei andaa........
Бичсэн: harganajagai цаг: 21:47, 2009-02-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax